Thursday, March 14, 2013

Сургуулийн сүлд туг

“ ЭРДЭМ ” сургууль байгуулагдсан товч түүх


“ ЭРДЭМ ” сургууль байгуулагдсан
товч түүх .
       Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2004 – 02 – 06-нд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Энхбаяр, БСШУЯаманд хүсэлт гаргаснаар 640 хүүхдийн суудалтай, 952 ам метр талбай бүхий сургуулийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг 989009860 төгрөгт багтаан, улсын төсвөөс  санхүүжүүлэхээр болж, энэ ажлын тендерт гүйцэтгэгчээр “ЗОС трейд” ХХК шалгарч, улмаар 2006 – 04 – 13- нд МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, захиалагч байгууллагын төслийн менежер Ж.Банзрай, “ЗОС трейд” ХХК-ны инженер н. Амартүвшин, аймгийн БСГ-ын дарга МУ-ын гавьяат багш Д.Батсүх, мэргэжилтэн Д.Бат-Орших зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл байлцан, өндөр настан, ахмад санваартан н.Аюуш ламтан газрыг тахиж,  шинэ сургуулийн шав тавьсан сургийг сонссон хүн бүр ихэд талархаж байсан.           Тийнхүү XII жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билэгт сайн өдөр буюу 2009 -10 -06-нд “Эрдэнэ мандал” хайрхныхаа ар зоон дээр “ЭРДЭМ” ахлах сургууль маань сүндэрлэн
босч, анхны багш, сурагч, ажилтнууддаа эрдмийн өргөөнийхөө үүдийг нээн, урин залж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч нэгэн жилийг ардаа орхижээ.Ганц жил гэдэг хүний богинохон амьдралд ахархан мэт боловч хийж бүтээх итгэл, хүслээр жигүүрлэсэн хүмүүст тийм ч бага хугацаа биш юм хэмээн нэгийг эргэцүүлэхэд хүргэсэн билээ. Нэхэн санавал : Өөр өөр сургуулиас янз бүрийн бодлого , томилолтоор олон залуус ирснээс нэг хэсэг нь их дээд сургууль төгссөн,”будаг нь ханхалсан залуус” шинэхэн сургуулиас ажлын гараагаа эхэлнэ хэмээн бахархан баярлаж, нөгөө хэсэг нь “ Энд л би юу хийж, чаддагаа харуулах ёстой” гэж өөртөө хатуу зорилго тавьж байхад цөөн хэсэг нь миний сургууль “Яагаад заавал намайг сонгож энэ сургууль руу явуулав Би ,хамт олон ,сургуульдаа хэрэггүй хүн болсон гэж үү” хэмээн эмзэглэж, ”Хэн болохоо харуулах ёстой” гэж бодож байсан ч байж болох юм.Энэ бүхэн нь багш нарын анхны уулзалт, Сурган Хүмүүжүүлэх Зөвлөлийн хурлаас л харагдаж байсан. Нүдэнд нь оч гэрэлтсэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон сайхан залуус “Удирдан залах ур ухаанаас л их зүйл шалтгаална даа, Бид бэлэн гэх шиг” үг яриа, үйлсийн учиг мэдрэгдэж байсныг залуу захирал алдалгүй анзаарч, оюуны өндөр чадамж, ухаалаг сэтгэлгээ, залуу хүний шийдмэг , зоримог алхам, хэнийг ч болов сонсох ,ойлгох, хүлээц тэвчээр хийгээд   уламжлал шинэчлэлийг хослох алсын хараагаараа хамт олноо зөв залж, “Хүсэлтэй, Хүчтэй” эвсэг баг бүрдүүлж, зөв шийдэл гаргаж  яваа нь итгэл хүлээсэн хэн бүхний сэтгэл зүтгэлийн дөлд оч болон гялалзаж байгаа нь илт мэдрэгдэж байна.  Зарим  нэг нь “Таны нөөц шавхагдсан” гээд чөлөөлж байхад, “Шинэ сургууль, хамт олон бэхжихэд таны ажлын туршлага, үзэж сонссон чинь хэрэгтэй” хэмээн зөвлөх багшаар ажиллах санал тавихад нь миний бие баярлаж хөөрөхөөсөө илүүтэй өөрийгөө эргэцүүлэх ,бас бие сэтгэлээ дайчлахад хүргэж “ Хэрэг болдог ч ,болдоггүй ч өөртөө байгаа бүхнээ эдэндээ зориулах ёстойг илүү ихээр ухаарсан.       Боловсрол гэдэг их айлын халуун тогоонд дөч гаруй жил чанагдахдаа юу эсийг үзэх билээ. Шинэ сургуулийн шинэхэн баг яаж ингэж сайхан бүрдсэнийг чин санаа ,сэтгэл зүтгэлээс  нь алхам тутамдаа мэдэрч , биширч байдаг нэгэн.Нэг л мэдэхэд энэ сайхан буянтай хүмүүсийн дунд уусан орсон билээ. Ийнхүү ажил үйлс нь өөдрөг, амжилтын гараа нь чамлахааргүй байгаагийн нэгээхэн хэсгээс нь бахархан  цухас дурьдмаар санагдаж, удах тусмаа зузаарах баялаг түүх шашдирын эхлэл болгон, анхны жилийн дурсамжаар нэгэн дусал нэмэхээр зориглон шийдэж , бүхнийг магтан дуулъя гэж бодоогүй ч хэр чинээгээрээ эх сурвалжийн түвшинд бичихийг хичээв.      “ЭРДЭМ” ахлах сургуулийн хийморьлог, цоглог сайхан хамт олны юу санасан есөн цагаан хүсэл нь ямагт сэтгэлчлэн бүтэж байх болтугай. Сайн бүхэн дэгжин дэлгэрэг.     
Зөвлөх багш, АБТА   М.Долгорсүрэн
Нийтэлсэн Д.Цэдэнсодном

Monday, March 11, 2013

“ЭРДЭМ” сургуулийн сүлд дуу




Үг. Д. Нацагдоржийн шагналт Дан. Нямаа

Ая. СТА . Г. Жанцансамбуу



“ЭРДЭМ” сургуулийн сүлд дуу

Шаргал намрын өдрүүдэд

Ерөөлийн гэгээн учралтай

Цэнхэр хаврын үдшүүдэд

Цэцгэн насны дуулалтай

           Эрдмийн оргилд далласан

           Мөнгөн хонхны эгшигтэй

           Эрдэм Эрдэм сургууль минь

           Итгэл бадраасан сургаал минь

Бичиг номонд сургасан

Билгүүн саруул замтай

Аав ээж шиг ачилсан

Ардын багшийн суутай

          Эрдмийн оргилд далласан

          Мөнгөн хонхны эгшигтэй

          Эрдэм Эрдэм сургууль минь

          Итгэл бадраасан сургаал минь

Ариун номын ордондоо

Аз жаргал цалгиатай

Насан туршийн аяндаа

Наран зөв заяатай

        Эрдмийн оргилд далласан

        Мөнгөн хонхны эгшигтэй

        Эрдэм Эрдэм сургууль минь

        Итгэл бадраасан сургаал минь

Дуу бүтсэн түүхийг дараа ярьж өгнөөө  гэж ...