Friday, December 16, 2011

НЭГ ЖИЛИЙН ОЙГООР ЗӨВЛӨХ БАГШ М. ДОЛГОРСҮРЭН

НЭГ ЖИЛ – НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛ ,ЗҮТГЭЛ.
          Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2004 – 02 – 06-нд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Энхбаяр БСШУЯаманд хүсэлт гаргаснаар 640 хүүхдийн суудалтай, 952 ам метр талбай бүхий сургуулийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг 989009860 төгрөгт багтаан, улсын төсвөөс  санхүүжүүлэхээр болж, энэ ажлын тендерт гүйцэтгэгчээр ЗОС трейд ХХК шалгарч, улмаар 2006 – 04 – 13- нд МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, захиалагч байгууллагын төслийн менежер Ж.Банзрай, ЗОС трейд ХХК-ны инженер н. Амартүвшин, аймгийн БСГ-ын дарга МУ-ын гавьяат багш Д.Батсүх, мэргэжилтэн Д.Бат-Орших зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл байлцан, өндөр настан, ахмад санваартан н.Аюуш ламтан газрыг тахиж, улмаар шинэ сургуулийн сургийг сонссон хүн бүр ихэд баярлаж байсан билээ.                                                                                                                            Тийнхүү XII жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билэгтсайн өдөр буюу 2010 -10 -06-нд Эрдэнэ мандал хайрхныхаа ар зоон дээр ЭРДЭМ ахлах сургууль маань сүндэрлэн босч, анхны багш, сурагч, ажилтнууддаа эрдмийн өргөөнийхөө үүдийг нээн, урин залж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч нэгэн жилийг ардаа орхижээ.Ганц жил гэдэг хүний богинохон амьдралд ахархан мэт боловч хийж бүтээх итгэл хүслээр жигүүрлэсэн хүмүүст тийм ч бага хугацаа биш юм хэмээн нэгийг эргэцүүлэхэд хүргэсэн билээ. Нэхэн санавал : Өөр өөр сургуулиас янз бүрийн бодлого , томилолтоор олон залуус ирсэн байсан. Нэг хэсэг нь их дээд сургуулийг дөнгөж төгссөн,будаг нь ханхалсан залуус шинэхэн сургуулиас ажлын гараагаа эхэлнэ хэмээн бахархан баярлаж, нөгөө хэсэг нь Энд л би юу хийж, чаддагаа харуулах ёстой гэж өөртөө хатуу зорилго тавьж байхад цөөн хэсэг нь миний сургууль Яагаад заавал намайг сонгож энэ сургууль руу явуулав Би ,хамт олон ,сургуульдаа хэрэггүй хүн болсон гэж үү хэмээн эмзэглэж,Хэн болохоо харуулах ёстой гэж бодож байсан ч байж болох юм.Энэ бүхэн нь багш нарын анхны уулзалт, Сурган Хүмүүжүүлэх Зөвлөлийн хурлаас л харагдаж байсан. Нүдэнд нь оч гэрэлтсэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон сайхан залуусУдирдан залах ур ухаанаас л их зүйл шалтгаална даа, Бид бэлэн гэх шиг үг яриа, үйлсийн учиг мэдрэгдэж байсныг залуу захирал алдалгүй анзаарч, оюуны өндөр чадамж, ухаалаг сэтгэлгээ, залуу хүний шийдмэг , зоримог алхам, хэнийг ч болов сонсох ,ойлгох, хүлээц тэвчээр хийгээд   уламжлал шинэчлэлийг хослох алсын хараагаараа хамт олноо зөв залж, Хүсэлтэй, Хүчтэй эвсэг баг бүрдүүлж, зөв шийдэл гаргаж  яваад нь гүнээ талархаж байдаг юм.                             Нэг хэсэг нь Таны нөөц шавхагдсан гээд чөлөөлж байхад, Шинэ сургууль, хамт олон бэхжихэд таны ажлын туршлага, үзэж сонссон чинь хэрэгтэйхэмээн зөвлөх багшаар ажиллах санал тавихад нь миний бие баярлаж хөөрөхөөсөө илүүтэй өөрийгөө эргэцүүлэх ,бас бие сэтгэлээ дайчлахад хүргэж Хэрэг болдог ч ,болдоггүй ч өөртөө байгаа бүхнээ эдэндээ зориулах ёстойг илүү ихээр ухаарсан   Боловсрол гэдэг их айлын халуун тогоонд дөч гаруй жил чанагдахдаа юу эсийг үзэх билээ. Шинэ сургуулийн шинэхэн баг яаж ингэж сайхан бүрдсэнийг чин санаа ,сэтгэл зүтгэлээс  нь алхам тутамдаа мэдэрч , биширч байдаг нэгэн.Нэг л мэдэхэд энэ сайхан буянтай хүмүүсийн дунд уусан орсон билээ. Ийнхүү ажил үйлс нь өөдрөг, амжилтын гараа нь чамлахааргүй байгаагийн нэгээхэн хэсгээс нь бахархан  цухас дурьдмаар санагдаж, удах тусмаа зузаарах баялаг түүх шашдирын эхлэл болгон, анхны жилийн дурсамжаар нэгэн дусал нэмэхээр зориглон шийдэж , бүхнийг магтан дуулъя гэж бодоогүй ч хэр чинээгээрээ эх сурвалжийн түвшинд бичихийг хичээсэн болно. Та бүхний таалалд нийцэх болтугай. Алдаа мадагтай зүйл байх аваас хүлцэл өчих ажаамуу.                                                                                ЭРДЭМ ахлах сургуулийн хийморлог, цоглог сайхан хамт олны юу санасан есөн цагаан хүсэл нь ямагт сэтгэлчлэн бүтэж байх болтугай.                                            Сайн бүхэн дэгжин дэлгэрэг.
                       Зөвлөх багш                                     М.Долгорсүрэн.

No comments:

Post a Comment