Wednesday, January 23, 2013

БАГШ НАРТАА

Дэлхийн багш нарын өдөрт зориулав.


БАГШ, ТА АЛЬ НЬ ВЭ?

“Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш танд заяажээ.

Ян Комос Коменский”

Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар 1994 оны 10 дугаар сарын 5ны өдрөөс эхлэн дэлхий нийтээрээ “Дэлхийн багш нарын өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш 19 дэхээ жилтэйгээ золгож байна.

Энэ өдрийг Education International(EI) зохион байгуулж, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хүрээнд тэмдэглэдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд багш нартай холбоотой мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, багшийн ажил ямар агуу болохыг хүргэх зорилгыг хэрэгжүүлдэг. Нээрээ ч багшгүй ерөнхийлөгч, багшгүй инженер, багшгүй суут ухаантан, түүнчлэн багшгүй энэрэнгүй нигүүлсэгч гэж байдаггүй билээ. Монголчууд бид багш нарынхаа баярыг жил бүрийн 2 дугаар сарын эхний 7 хоногт ёслол төгөлдөр тэмдэглэж, тэр үеэрээ багш нартаа хүндэтгэл үзүүлдэг билээ. EI байгууллагын энэхүү хүчин зүтгэл, санаачлагыг дэлхийн 100 гаруй орны 401 байгууллага хүлээн зөвшөөрч нэгдэн, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй багш нар тэмдэглэдэг болсоор 18 оныг хэдийнэ үджээ. Жил бүр багшийн ажлыг сурталчлах зорилгоор олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Дөрвөн жил тутам Дэлхийн багш нарын их хурлыг зохион байгуулдаг. Миний бие 2010 онд дэлхийн багш 5 дугаар хуралд оролцож “Innovative practices in the teachers education and development of Mongolia” сэдвээр илтгэл бэлтгэж оролцож байв.

Глобальчилагдаж буй энэ цаг үед дэлхийн бусад оронтой эв санаа нэгтэй буйгаа илэрхийлж, нэгдэн нягтрах, дэлхийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ хөл нийлүүлэн алхаж байх зорилгоор уг өдрийн арга хэмжээнд оролцож байх нь зүйтэй болов уу хэмээн Дэлхийн багш нарын баярын өдөрт зориулан бичиж Ази, Африк, Европын 22 оронд ажиллаж буй мэргэжилт нэгтнүүддээ, найз нартаа илгээсэн богино нийтлэлээ Монголынхоо багш нартаа Дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэж, толилуулж байна.

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалт дэлхийн чиг хандлагад нийцэхийн төлөө багагүй ажлыг сүүлийн 3 жилийн туршид хийж, хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүн дотроос хамгийн том өөрчлөлтөд эрэлтэд суурилсан, ажил

олгогчийн шаардлагад нийцсэн боловсрол, олгох, мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагаа юм. Өмнөх буюу уламжлалт тогтолцооны үед боловсролын салбар, хөдөлмөрийн салбар нь бие биенээс тусдаа үйл ажиллагаа явуулж ирснээр боловсролын салбарын хөгжил, мэргэжлийн салбар дахь хөгжил дэвшлээс илт хоцорч эхэлсэн нь төгсгөж буй мэргэжилтнүүд нь ажил олгогчдод гологдох хамгийн том шалтгаан нь болж ирсэн.

Энэ богино нийтлэлд бүгдийг хамран дурьдах боломжгүйг дурьдан, боловсролын салбарын гол тулгуур багануудын нэг багшлах боловсон хүчний хөгжилтэй холбоотой асуудлаар бага ч болов мэдээлэл өгөх зорилгоор “Багш, та аль нь вэ?” сэдвээр бичиж сууна.

БАГШ, ТА АЛЬ НЬ ВЭ?

“Суралцагч төвтэй”

эсвэл

“Хөтөлбөр төвтэй” сургалтын

аргазүй эзэмшсэн багш: Багш, та аль нь вэ?

Энэ хоёр аргазүйн гол ялгааг сургалтын философи л харуулна. Философи нь хандлагыг тодорхойлж, чиглүүлэх үүрэгтэй. Багшийн ажилд шинээр орж буй залуус өөр өөрийн итгэл үнэмшил, багшийн хөдөлмөрийн талаарх өөр өөрийн ойлгоц, үзэл санаа зэргийг бодож тунгаан сайн сайхан бодол тээсээр ирдэг. Багшлах үйл ажиллагааны талаарх гүн гүнзгий ойлголттой шууд ирдэг гэдэг нь юу л бол. Хийнгээ сурах ч (learning by doing), хэн нэгний чиглүүлэлт доор (mentoring) багшийн хувьд бойжин хөгжиж байдаг. Маш олон жил ажилласан мөртлөө анх хийж байснаа давтсаар байдаг багш нар ч байдаг.

Багшийг аль төрлийн бэ гэдгийг тодорхойлоход түүний сургалтын талаар, суралцагчдын талаар, мөн багшийн талаар хэрхэн ойлгодог нь чухал нөлөөтэй.

Энэхүү богино нийтлэлийг уншаад дараах ойлголтуудыг өөрийн ойлгоцоор дараалалд оруулаарай. Тэдгээр нь:

 Багшийн сургалтдаа хэрэглэдэг үйл ажиллагааны хэлбэрүүд

 Анги, танхимын зохион байгуулалтын схем, хичээл төлөвлөлт

 Сургалтын суралцах явц дахь багшийн оролцоо

 Ээлжит болон нэгж хичээлийн бэлтгэл

 Сургалтын шилдэг аргазүй

Сурган, заах арга зүй

“Суралцагч төвтэй сургалт”-н аргазүйг чухалчилдаг багш “конструктивизм”-д ач холбогдол өгдөг. Конструктивизм нь суралцагчийн өмнөх мэдлэг, суурь мэдлэг, өмнөх туршлага нь түүний шинийг сурах нөөц, суурь болж өгдөг гэдэгт ач холбогдол өгдөг үзэл санаа юм(Piagent, Inhelder, 1969). Учир нь мэргэжлийн боловсролын байгууллага(их, дээд, политехник коллеж, МСҮТ)-уудад элсэж буй оюутан, суралцагчдын өмнөх туршлага нь харилцан адилгүй, мэдлэг, ур чадварын ялгаатай түвшинд байдгийг харгалзана гэсэн санаа юм.(Vygotsky, 1986). Өөрөөр хэлбэл, сургалтын зорилгыг хангах, эцсийн цэгт хүрэх зай, туулах зам, давах бэрхшээл саадууд нь ч мөн л ялгаатай байна гэсэн үг юм. Сайн багш нь оюутан, суралцагч бүрийг эцсийн цэгт хүргэдэг.

Сургалтын үйл ажиллагаа анги, бүлгээр зохион байгуулагдаж байсан ч багш хувь хүн, оюутан, суралцагч нэг бүрт хандсан арга барилыг баримталсан хэвээр л байна. Энэ хэлбэрийн сургалтын аргазүй хэрэглэж буй үед багшийн үүрэг юу байх вэ? Оюутан, суралцагчдын сонирхол, сургалтын нэгдмэл хэрэгцээнд тулгуурлан сургалтыг зохион байгуулж, чиглүүлэх явдал юм. Хүн бүр дуртайгаа хийж, хүссэн амжилтдаа хүр гэсэн санаа энд ердөө ч нийцэхгүй юм. Энэ олон төрлийн мэдлэг, ур чадвар, туршлага бүхий хамт олныг сургалтын “эцсийн цэг” л нэгтгэж байх

учиртай. Түүнд туулах зам, сургалтад зарцуулах хугацаа, сургалтын арга хэлбэр л өөр өөр байж болохоос, урьдчилан тодорхойлсон “эцсийн цэг”-т л зангидагдаж байхыг дахин сануулья. Хүн бүр сургалтын агуулгыг А-с Я хүртэл бүрэн үзэж эзэмших боломжийг ч олгодог. Оюутнууд сонсож, харахаас гадна, өөрийн дуулж мэдсэн мэдлэг, онолын болон семинарын хичээлээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан дадлага ажил гүйцэтгэх, хэцүү төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх нь мэдлэгээ үйл ажиллагаа болгох чадвар олгодог сургалтын шилдэг арга хэмээн олон судлаачид, эрдэмтэд, туршлагатай багш нар үздэг. Миний хувьд ч үүнтэй санал нэг байдаг.

“Надад хэлвэл би мартана”

“Надад харуулвал би санана”

“Надаар хийлгэвэл би мартахгүй” гэдэг дээ.

“Хөтөлбөр төвтэй сургалт”-ын аргазүйг чухалчилдаг багш нар заавал мөрдөх стандартад ач холбогдол өгдөг. Бүх оюутан, суралцагчдад яг ижил хөтөлбөрийг санал болгодог. Өөрөөр хэлбэл оюутан, суралцагчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг үл харгалзан ижил хугацаанд, ижил мэдлэгийг өгдөг. Тэдэнд зааж буй сургалтын агуулгаас хамааран суралцагчдын хөтөлбөр эзэмшилтэд академик бус “GAP” буюу зай завсар үүсдэг талтай.

Хөтөлбөр төвтэй сургалтыг анги бүлгээр зохион байгуулахдаа үнэндээ хөтөлбөрийг хэрхэн заах вэ гэдэгт л анхаарал хандуулдаг. Багш нар юуг заах ёстой, хэзээ заах, хэрхэн заах, мөн хэдэн цагаар заахыг тодорхойлдог. Хөтөлбөрт хамгийн зайлшгүй чухлыг л тусгасан байна. Сайтар бодож боловсруулсан, тодорхойлсон хичээл(subject)-үүдээр дамжуулан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгодог. Энэ тохиолдолд суралцагчийг бусадтай нь харьцуулах замаар үнэлдэг. Суралцагч төвтэй сургалтын үнэлгээ нь эцсийн цэгтээ хүрсэн эсэхээр л үнэлдэг. Тухайн заасан зүйлийг агуулгыг хэрхэн эзэмшсэн гэдэгт үнэлгээ хийхдээ, бусад нь хэрхэн хийж байна вэ гэдгээр үнэлдэг. Хатуу тогтоосон стандарт, сургалтын агуулга нь ажлын байранд чухал байх нь бий ч, яг үнэндээ онц ач холбогдолгүй байх нь бас бий гэдгийг сануулья.

Илүү ойлгомжтой байлгах үүднээс дээрх 2 хэлбэрийг харьцуулан үзүүлвэл:

СУРАЛЦАГЧ ТӨВТЭЙ

ХӨТӨЛБӨР ТӨВТЭЙ Суралцагч төвтэй.

Багш төвтэй. Өмнөх мэдлэг, туршлагад тулгуурлана.

Стандартад тулгуурлана. Тасралтгүй

Уламжлалт Мэдээлэл, нас биений онцлогт нийцсэн

Дүрэм журамд нийцсэн Шалгуурт нийцүүлнэ.

Стандартад нийцүүлнэ. Гүн гүнзгий

Өргөн хүрээний Интеграцичлагдсан сургалтын нэгжүүд

Хичээлүүд(subject) Үйл ажиллагаа, үр дүнд чиглэсэн

Үр дүнд чиглэсэн Сургалтын блок

Нэгж хичээл Багш, суралцагчийн хамтын ажиллагаа

Багшлах, суралцах үйл ажиллагаа зааглагдсан Туршлага, үйл ажиллагааны явцад эзэмшсэн мэдлэг

Стандартаар тогтоосон мэдлэг

Багш та тунгаан бодож, эргэцүүлээрэй. Мөн дараалал үүсгэхээ бүү мартаарай. Багш, та аль нь вэ?

Алаг адуун овогт Барамсайн Галбадрах

2012 оны 10 дугаар сарын 4ний өдөр http://resource1.sodonvision.com/tvet/file/2012/10/4c58e1e0310111fe/b2b700e91cd4759c.pdf ЭНДЭЭС ДЭЛГЭРҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ

No comments:

Post a Comment